Ашгаас гадна хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг чухалчилдаг
2021-06-16 17:09

Гэр санаачлага төслийн харилцагчийн бизнесийн амжилтын түүхээс энэ удаад хуваалцаж байна.

Б.Оюун өөрөө гэрээрээ 2004 оны 9-р сараас туршилтын журмаар талх барьж эхэлж,  6 сар дэлгүүрүүдээр тарааж үзжээ. Энэ хугацаанд борлуулалт нь боломжийн байсан тул түүний хувьд 2005 оноос эхлэн нэг жижиг зуухтай, нэг ажилчинтайгаар үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхэлсэн байна. Түүний бүтээгдэхүүн нь буриад технологиор барьсан талх учраас борлуулалт сайн байхад дөхөмтэй байжээ.Учир нь түүний талх өөрийн гэсэн өвөрмөц амтаараа хэрэглэгчдэд сайн хүрч, танигдаж чаджээ.

Ийнхүү маш богино хугацаанд хэрэглэгчдийнх нь тоо өсөж, 2006 он гэхэд өөрийн гэсэн ажлын байртай, 8 ажилчинтай болсон байна. Энэ үеэс тэрээр ГЭР Санаачлага төсөлтөй хамтарч ажиллаж эхэлжээ. Учир нь бизнесийн үйл ажиллагаа нь өргөжихийн хирээр мэдэх мэдэхгүй олон асуудлуудтай тулгарч эхэлсэн байна. Тухайлбал, талхаа хөлсний машинаар түгээх нь зардал өндөртэйгээс гадна олон хүн удирдаж тогтвортой ажиллуулахаас эхлээд олон асуудлыг шийдэх хэрэгтэй болж байв. Нэг ёсондоо бизнес нь томрохын хэрээр түүнээс бизнесийн талыг мэдлэг, ур чадвар илүүтэй шаардаж эхлэв. Ингээд түүний хувьд бизнесийн зөвлөгөө авахаар жижиг бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлдэг тус төсөлд хандахаар шийджээ.

Төслийн бизнесийн зөвлөхөөсөө зөвлөгөө авч төслөөр зуучлуулан ХАС банкнаас 5.000.000 төгрөгний зээл авч талхаа түгээх унаатай болсноор тээвэрлэлтийн зардлыг 50% хүртэл бууруулан мөн ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах талаар мэдлэгтэй болж авснаар ажилчдаа тогтвортой ажиллуулах талаар эхний алхмаа хийж өөрийн бизнесээ хөгжүүлж чадсан байна. Ингээд жил ирэх бүр өөрийн бизнесээ хөгжүүлэн өргөжүүлж 2007 онд зөвлөхдөө хандаж төсөл бичүүлэн 1%-ийн хүүтэй, 8.000.000 төгрөгний зээл авч бизнесийн үйл ажиллагааныхаа хүүгийн зардлыг бууруулж чадсан байна.

Өөрийн бизнесийг өргөжүүлэхийн хэрээр ажилчдаа ч хөгжүүлж 2008 ондоо ажилчдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхээр сургалтыг авснаар ажилчдынх нь ажилдаа хандах хандлагад өөрчлөлт орж бизнесийн бүтээмж, ажиллах орчноо ч сайжируулж чаджээ. Одоогоор тэрээр өөрийн гэсэн 2 ажлын байртай, нийт 14 ажилчинтай, өдөрт 800-1000 талхны борлуулалт хийн, дүүргийн талхны хэрэгцээний 60-аад хувийг дангаараа хангах болжээ.

Түүний сарын борлуулалт 2006 оны 10-р сарын байдлаар 5.400.000 төгрөг байсан бол 2008 оны 8-р сарын байдлаар 8.000.000 төгрөг болж 1.5 дахин өсчээ. Мөн анх 8 ажилчинтай байсан бол одоо 14 ажилчинтай, эргэлтийн хөрөнгө, үндсэн хөрөнгө нь ч 1.6-3 дахин өссөн байна. Бизнесээ жил бүр хөгжүүлж, өргөжүүлж чадсан түүхий хувьд бизнесийн хамгийн энгийн хэрнээ чухал нэгэн дүрмийг ойлгосон нь түүний амжилтын гол түлхүүр болжээ.

Б. Оюун: "Би ашгаас гадна хэрэглэгчдийн сэтгэл ханамж болон тэдний худалдан авах чадварт нь тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг чухалчилдаг. Тийм ч учраас үнээ аль болох боломжийн түвшинд барих, мөн тэдний итгэлийг алдахгүй байхыг эрмэлздэг."