Өөртөө итгэ, дараа нь бизнесээ эхэл
2021-06-02 15:27

Цалингаараа амьдралаа залгуулахаас илүүтэйгээр  жижиг, дунд бизнес эрхлэх сонирхол иргэдийн дунд байдаг. Тэгвэл Европын сэргээн босголтын хөгжлийн банкны Монгол улс дахь Төлөөлөгчийн газрын дарга Pilip ter Woort  Монгол улсын иргэдийн шинэээр бизнес эрхлэх сонирхол Америк, Англи зэрэг өндөр хөгжилтэй орны иргэдтэй адил өндөр буйг онцолж байсан. Тиймээс энэхүү хүсэл, эрмэлзлэл дүүрэн байгаа үеийг ашиглаж, жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх, иргэдэд бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэйг судлаачид онцолж байна.

 

Гэтэл иргэдэд бизнесээ эхлэхийн тулд юунаас эхлэх, санаагаа яаж олох, үйл ажиллагаагаа үр ашигтай, тогтвортой бизнесийг явуулах мэдлэг, мэдээлэл дутмаг байдаг. Хэчнээн сайхан санаа байлаа ч үүнийгээ хэрхэн ашиглаж үр дүнд хүрэхээ мэддэггүй гэдгийг  өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд болсон “Жижиг, дунд үйлдвэрийн үр ашгийг хэрхэн хөгжүүлэх вэ” сэдэвт хурлын үеэр  “Хөгжлийн шийдэл” төрийн бус байгууллагын Ерөнхий зөвлөх Э.Бат-Орших онцолсон. Тэгвэл энэхүү орон зайг нөхөж, шинээр бизнес эхэлж байгаа болон бизнесээ өргөжүүлэхээр зорьж буй  хүмүүст зориулж www.bizguide.mn  цахим хуудсыг “Хөгжлийн шийдэл”  төрийн бус байгууллага АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Бизнесийг дэмжих санаачилга төсөлтэй хамтран нээсэн байна. Тус цахим хуудсанд 10 мянга орчим бизнесийн шилдэг туршлага, зөвлөгөө байгаагаас 500 орчмыг нь бүрэн боловсруулан оруулжээ. Тухайлбал та бизнесийн загвар төлөвлөгөөг ашиглан өөрийн бизнесийн төлөвлөгөөг гаргах бүрэн боломжтой юм байна.

Түүнчлэн бизнес амжилттай эрхэлж буй хүмүүсийн туршлага болон санхүү,  маркетинг менежмент, хүний нөөцийн чиглэлээр мэргэшсэн зөвлөхүүдийн зөвлөгөөг нэг дороос авахаараа онцлог аж.  Та www.bizguide.mn  цахим хуудсанд бүртгүүлсэнээр хүссэн мэдээллээ PDF хэлбэрээр үнэгүй татаж авах боломжтой. Тус  цахим хуудсанд мэргэжлийн судлаачдын бэлтгэсэн  бизнесээ эхлүүлэх, санхүүжилт олох арга замууд, онлайн маркетинг сурталчилгаа хэрхэн хийх, гэрээ байгуулах, тендерт хэрхэн оролцох вэ зэрэг мэдээллийг авч, өөрийгөө хөгжүүлж, шинэ бизнес хийх аяндаа мордоорой. Танд амжилт хүсье.